Цусны даралт бол цус урсах явцдаа судасны хананд үүсгэж байгаа даралтын хүчний хэмжээг хэлнэ.
Манай орны хувьд насанд хүрэгчдийн 40% нь, 65-аас дээш насныхны 60 хувь нь цусны даралт ихсэх өвчтэй гэсэн судалгаа байдаг.
Хэрэв цусны даралт ихсэх өвчнөө эмчилж, хянахгүй орхивол зүрхний алдагдал, хараагүй болох, зүрхний шигдээс, бөөрний өвчлөл зэрэг олон эрүүл мэндийн уршиг дагуулдаг.
Шалтгаан
Нас нэмэх хэрээр цусны даралт ихсэх өвчнөөр өвчлөх эрсдэл өндөрсдөг. Зүрх бол цусыг шахаж биед эргэлтэнд оруулдаг булчинлаг эрхтэн. Хүчилтөрөгчийн хэмжээ багатай цус уушги уруу шахагдаж очоод хүчилтөрөгчийн хэмжээгээ дахин нөхөж авдаг. Тэгээд тэр хангалттай хүчилтөрөгчтэй цус зүрхээр биед шахагдаж булчин, эд эсийг хүчилтөрөгчөөр хангана. Цусыг шахах үйлдэл даралт үүсгэдэг.
Хүн цусны даралт өндөртэй байна гэдэг нь артерийн судасны хана тогтмол хэт их даралтанд байна гэсэн үг.
Цусны өндөр даралтын шалтгааныг хоёр ангилдаг.
Үндсэн цусны даралт ихсэх: Энэнд суурь үүсгэсэн шалтгаан байхгүй.
Хоёрдогч цусны даралт ихсэх: Ямар нэгэн өөр өвчний шалтгаантай.
Хэдийгээр үндсэн цусны даралт ихсэх өвчинд тодорхой шалтгаан байхгүй боловч зарим нэг хүчин зүйлтэй холбоотой нь илэрхий байдаг.
Доорх жагсаалтны ихэнх нь үндсэн цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлүүд бөгөөд мөн хоёрдогч цусны даралт ихсэх өвчний жишээнүүд ч байгаа юм.
1) Нас
Нас ахих тусам цусны даралт ихсэх өвчлөлийн магадлал нэмэгдэнэ.
2) Гэр бүлийн түүх
Хэрэв гэр бүлийн ойрын хүн тань цусны даралт ихсэх өвчтэй бол та энэ өвчнөөр өвчлөх магадлал өндөртэй байна. Олон улсад хийсэн судалгаагаар эрдэмтэд 8 төрлийн генетикийн онцлог цусны даралт ихсэхэд нөлөөлж байгааг тогтоосон байдаг.
3) Агаарын хэм
65-аас дээш насны 8,801 хүнд хийсэн судалгаагаар цусны даралт агаарын хэмийн өөрчлөлтөөс болж жилийн туршид ялгаатай байгааг тогтоожээ. Цусны даралт агаарын хэм нэмэгдэхэд багасаж, хүйтэн болоход ихэсдэг байна.
4) Үндэстний гарал үүсэл
Африк болон өмнөд азийн гаралтай хүмүүс кавказ болон уугуул Америк гаралтай хүмүүстэй харьцуулахад ихээр цусны даралт ихсэх өвчинтэй болох магадлалтай байна.
5) Таргалалт
Таргалалттай хүмүүс хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад цусны даралт ихсэх хандлагатай байдаг.
6) Хүйсийн хүчин зүйл
Ерөнхийдөө цусны даралт ихсэх өвчин насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд тусдаг боловч 65-аас дээш насныхны хувьд ялгаагүй болдог.
7) Хөдөлгөөний дутагдал
Дасгал хөдөлгөөнгүй, суугаа хэмнэлтэй хүмүүст даралт ихсэх эрсдэл өндөрсдөг.
8) Тамхи
Тамхины хэрэглээ судасыг нарийсгаж улмаар цусны даралтыг нэмэгдүүлдэг. Мөн тамхи нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг бууруулах бөгөөд түүнийг нөхөхийн тулд зүрх илүү хурдан шахах хэрэгтэй болж цусны даралтыг нэмэгдүүлнэ.
9) Согтууруулах ундааны хэрэглээ
Согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг хүмүүс илүү өндөр даралттай байдгийг судлаачид тогтоосон.
10) Давсны өндөр хэрэглээ
Судлаачид их хэмжээний давс хэрэглэдэггүй бүс нутгуудад өндөр хэрэглэдгээс бага цусны даралт ихсэх өвчлөл байгааг тогтоосон.
11) Өөх тос их хэрэглэх
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд өөх тос ихтэй хоолны дэглэм цусны өндөр даралттай болох эрсдлийг нэмэгдүүлнэ гэдэг. Гэхдээ ихэнх хоолны мэргэжилтнүүд асуудал хэр их тос хэрэглэж байгаадаа биш ямар төрлийн тос хэрэглэж байгаад байгаа гэж үздэг.
Авокадо, самар, оливын болон омега тоснууд хүний биед сайн. Амьтны гаралтай ханасан тос болон транс тос биед муу байдаг.
12) Оюуны ачаалал
Оюуны ачаалал, тэр тусмаа удаан хугацаанд оюуны ачаалалтай ажиллах нь цусны даралтад ноцтой нөлөөлдөг болохыг олон судалгаа тогтоосон байдаг.
13) Чихрийн шижин
Чихрийн шижинтэй хүмүүс даралт өндөртэй болох өндөр эрсдэлтэй байна. 1-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд цусан дахь саахарын хэмжээ нь даралт өндөрсөхөд нөлөөлдөг хүчин зүйл бол инсулинаар цусандахь саахараа тогтмол хянах нь урт хугацаандаа даралт өндөрсөх өвчтэй болох эрсдлийг бууруулдаг байна.
2-р төрлийн чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд цусан дахь саахарын өндөр хэмжээ болон илүүдэл жин, таргалалт, зарим эм болон зүрх судасны өвчлөлөөс болж даралт ихсэх өвчлөлийн өндөр эрсдэлтэй байдаг.
14) Хайрст үлд
78000 эмэгтэйд 14 жилийн туршид хийсэн судалгаагаар хайрс үлд нь цусны өндөр даралттай болон чихрийн шижинтэй болоход нөлөөлдгийг тогтоосон байна. Хайрст үлд нь дархлалын системийн буруу ажиллагаанаас болж арьсан дээр зузаан, улан хайрс гарах өвчин юм.
15) Жирэмслэлт
Жирэмсэн эмэгтэй нь ижил насны жирэмсэн биш эмэгтэйгээс илүү даралт өндөрсөх эрсдэлтэй байдаг байна. Нийт жирэмслэлтийн 2-оос 3 хувьд нь тохиолддог нийтлэг асуудал юм.
Шинж тэмдэг
Ихэнх цусны даралттай хүмүүс ямар нэгэн шинж тэмдэг мэдэрдэггүй учраас энэ нь “чимээгүй алуурчин” гэж хэлэгддэг.
Гэхдээ цусны даралт 180/110 мм.муб хүрвэл энэ нь өндөр даралтын хямрал гэх эрүүл мэндийн ноцтой түвшинд хүрсэн гэсэн үг. Энэ үед доорхи шинж тэмдгүүд мэдэгдэнэ.
- Толгой өвдөх
- Дотор муухайрах
- Бөөлжих
- Толгой эргэх
- Хараа бүрэлзэж эсвэл давхар харах
- Хамраас цус гарах
- Үе үе эсвэл хүчтэй зүрх дэлсэлт
- Амьсгал боогдох зэрэг биед таагүй мэдрэмж төрнө.
Энэхүү шинж тэмдэг илэрсэн хэн боловч яаралтай эмчид хандах хэрэгтэй.
Цусны даралт өндөртэй хүүхдэд доорхи шинж тэмдэг илэрдэг.
- Толгой өвдөх
- Ядаргах
- Нүд бүрэлзэх
- Хамраас цус гарах
- Нүүрний булчингаа бүхэлд нь юмуу хэсэгчлэн удирдаж чадахаа болих зэрэг болно.
Шинэ төрсөн эсвэл төрөөд удаагүй хүүхэд өндөр даралттай бол дараахь шинж тэмдэг илэрнэ.
- Урвайх
- Багтрах
- Уцаарлах
- Үлбэгэр болох
- Амьсгал тасалдах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Цусны өндөр даралттай гэж оношлогдсон хүмүүс даралтаа тогтмол шалгаж байх хэрэгтэй. Хэдийгээр даралт чинь тогтмол байсан ч жил бүр эсвэл даралттай болоход нөлөөлдөг хүчин зүйл байгаа бол 6 сар тутамд шалгаж байх хэрэгтэй.
Хүндрэл
Хэрэв цусны даралтаа эмчилж, хянаж байхгүй бол артерийн судасны ханан дахь өндөр даралт цусны судал (зүрх судасны өвчин) болон бусад чухал эрхтэнүүдэд гэмтэл учруулдаг. Гэмтлийн зэрэг нь даралтын хэмжээ болон хэр удаан эмчүүлээгүй явсан гэсэн хоёр хүчин зүйлээс шалтгаалдаг.
Тохиолдож болох зарим хүндрэлийг тоочиж бичвэл:
- Харвалт
- Зүрхний шигдээс болон зүрх зогсох
- Цусны бүлэгнэл
- Судас бүдүүрэх өвчин
- Бөөрний өвчлөл
- Нүдний цусны судал өргөсөх, нарийсах эсвэл хагарах.
- Бодисын солилцооны хам шинж
- Тархины үйл ажиллагаа болон ой санамжийн асуудал.
Эмчилгээ
Цусны өндөр даралтын эмчилгээ нь хүндрэл болон дагалдсан харвалт, зүрх судасны болон бусад өвчлөлөөс шалтгаалж өөр өөр байна.
Цусны даралт бага зэрэг нэмэгдэх
Хэрэв цусны даралт бага зэрэг нэмэгдэж зүрх судасны өвчин үүсэх эрсдэл бага бол амьдралын хэмнэлээ өөрчлөхийг санал болгодог.
Дунд зэргийн цусны даралт нэмэгдэх
Хэрэв цусны даралт дунд зэрэг өссөн бөгөөд эмч ирэх 10 жилд зүрх судасны өвчлөл үүсэх магадлал 20 хувиас илүү бол эмч зарим эм болон амьдралын хэмнэлээ өөрчлөхийг санал болгодог.
Цусны даралт их хэмжээгээр ихсэх
Хэрэв цусны даралт 180/110 мм.муб болон түүнээс их бол эмч тусгай мэргэжилтэнтэй уулзуулж, нарийн эмчилгээ, эм бэлдмэл хэрэглэхийг санал болгоно.
Амьдралын хэмнэлээ өөрчлөх нь цусны даралтаа буулгахад тустай.
Доор жагсаасан байдлаар амьдралын хэмнэлээ өөрчилж цусны даралтаа бууруулахад эергээр нөлөөлж болно. Гэхдээ та амьдралдаа огцом өөрчлөлт хийхээсээ өмнө эмч болон эрүүл мэндийн мэргэлжилтнүүдтэй уулзаж зөвлөлдөөрэй.
Тогтмол дасгал хийх
Тогтмол дасгалын хөдөлгөөн хийх нь цусны даралтаа бууруулахад тустай.
Долоо хоногт 5 өдөр, өдөрт 30-аас 60 минут дасгал хийх нь цусны даралтыг ерөнхийдөө 4-өөс 9 мм.муб хэмжээгээр бууруулдаг байна. Дасгал хийж эхэлснээс хойш хоёроос гуравхан долоо хоногийн дотор үр дүн мэдэгдэж эхэлнэ. Тэр тусмаа суугаа амьдралын хэмнэлтэй хүмүүст илүү амархан мэдэгдэнэ.
Ямарваа нэгэн дасгал хөдөлгөөн хийж эхлэхээс өмнө эмчтэйгээ зөвлөлдөх нь чухал. Дасгал хөдөлгөөн нь даралт өндөртэй хүнийхээ шаардлага болон эрүүл мэндэд тохирсон байх ёстой.
Дасгал хөдөлгөөнөөр амжилтанд хүрэх нууц нь түүнийг тогтмол хийх явдал юм. Дасгалыг ажлын өдрүүдэд хийхгүй, зөвхөн амралтын өдрүүдэд хийх нь үр дүн багатай.
Жингээ хасах
Бага зэрэг (5 кг ч хүртэл) жин хасахад цусны даралт буухад чухал нөлөөтэй байгааг судалгаа тогтоосон.
Хэрэв та илүүдэл жинтэй бол хэдий чинээ хурдан хэвийн жинд очно төдий чинээ цусны даралт чинь буурах болно. Цусны даралт буулгах ямар ч эм жин хасах тусам улам илүү үр дүнтэй байдаг байна.
Бүсэлхийн тойргоо багасгах нь хамгийн нөлөөтэй. Эрүүл биеийн жинд очихын тулд дасгал хөдөлгөөн хийж, зөв хоолны дэглэм баримталж өдөр бүр дор хаяж 7 цаг сайн унтаж амрах хэрэгтэй. Идсэн хоолоо тэмдэглэх нь жин хаях үйл ажиллагааг хоёр дахин нэмэгдүүлдгийг судлаачид тогтоосон байдаг байна.
Амралтын арга
Массачусетсийн Ерөнхий эмнэлгийн судлаачдын тогтоосноор амьдралын зөв дэглэм дээрээ амралт болон стрессээ удирдах арга хэрэглэх нь настай хүмүүст түгээмэл байдаг даралт ихсэх өвчний эмчилгээг мэдэгдэхүйцээр дээшлүүлдэг байна.
Харвардын Эмэгтэйчүүдийн Эрүүл Мэндийн Хяналтын байгууллагын мэдэгдсэнээр Тай-Чи-аар хичээллэх нь зүрхний өвчлөлийн өндөр эрсдэлтэй хүмүүсийн дасгалын үр нөлөөг түргэтгэж, даралтыг бууруулж, холесторол, триглицеридууд, инсулин болон С-урвалжит уургийн хэмжээг сайжруулдаг байна.
Нойрсох
Хангалттай нойр авч чадахгүй байх нь хүний цусны даралт өндөртэй болох эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг Чикагогийн их сургуулийн эрдэмтэд 500 дунд насны хүмүүсийг 5 жилийн туршид хянаж байгаад тогтоосон байна.
Зарим судалгаа насанд хүрэгчдийг 7-оос багагүй 8-аас ихгүй цаг унтахыг санал болгодог байна. 2008 онд Америкийн Нойрны Эмийн Академийн хэвлэсэн судалгаанаас үзвэл санал болгосон 7-оос 8 цагаас их эсвэл бага унтдаг хүмүүс цусны даралт ихсэх өндөр эрсдэлтэй байдаг байна.
Зах зээл дээр хэд хэдэн төрлийн даралт бууруулах эм байгаа бөгөөд зарим хүн цусны даралтаа хянахын тулд заримийг нь давхарлаж хэрэглэх хэрэгтэй болдог.
Зарим хүн даралтаа хянахын тулд үлдсэн амьдралдаа үргэлж эм хэрэглэх болдог. Хэрэв өвчтөн тодорхой хугацаанд цусны даралт хэвийн хэмжээнд байлгаж чадаад харвалт болон зүрх судасны өвчлөлийн эрсдэл багатай гэж тогтоогдвол эмч эмчилгээг зогсоохыг санал болгодог.
Хэрэв өвчтөн эм бага хэрэглэсэн үед цусны даралтаа илүү хянадаг болохыг нэг судалгаа тогтоосон байна.
Эм
Цусны өндөр даралтыг эмчлэх түгээмэл зарим эмийг танилцуулъя.
1) Ангиотензин хувиргагч ферментийг (АХФ) дарангуйлагч эм.
АХФ дарангуйлагчид цусны даралтыг зохицуулдаг ангиотензин II гэх мэт даавруудын үйл ажиллагааг тасалдуулдаг. Ангиотензин II артерийн судсыг агшааж, цусны хэмжээг ихэсгэн улмаар цусны даралтыг нэмэгдүүлдэг.
Зүрх судасны өвчнөөр өвчилж байсан, жирэмсэн эмэгтэйчүүд болон бөөрийг цусаар хангах үйл ажиллагаанд асуудалтай хүмүүс энэ эмийг хэрэглэж болохгүй.
Өмнө нь бөөрний асуудалтай байгаа эсэхийг мэдэхийн тулд цусны шинжилгээ өгөх хэрэгтэй. АХФ дарангуйлагчид нь бөөрөнд очих цусны хангамжийг бууруулж, ажиллагааг нь муутгадаг тул тогтмол цусны шинжилгээ өгч байх шаардлагатай болно.
АХФ дарангуйлагчид нь дараахь түгээмэл, хэдэн өдөр мэдэгдээд өнгөрөх гаж нөлөөтэй байдаг.
- Толгой эргэх
- Сульдах
- Ядрах
- Толгой өвдөх
- Байнгын хуурай ханиалгах
- Зарим өвчтөнүүдийн хувьд дагалдах гаж нөлөө нь хэтэрхий тавгүй, удаан үргэлжилж байгаа санагдвал эмч ангеотензин-2 саармагжуулагчаар сольдог. Энэ үед гаж нөлөө гарах нь ховор боловч зарим тохиолдолд толгой эргэх, толгой өвдөх, цусан дахь калийн хэмжээ нэмэгдэж болно.
2) Кальцийн суваг хориглогч
Кальцийн суваг хориглогч (КСХ) нь цусан дахь кальцийн хэмжээг бууруулдаг. Кальцийн хэмжээ багасах нь судасны гөлгөр булчинг амрааснаар агшилтын хүчийг багасган, артерийн судлыг өргөсгөдөг. Артерийн судал өргөснө гэдэг нь цусны даралт буурна гэсэн үг.
Зүрхний өвчнөөр өвчилж байсан, элэг болон бусад цусны эргэлтийн асуудалтай хүмүүс энэхүү эмийг хэрэглэж болохгүй.
КСХ эмнүүд нь дараахь хэдэн өдөр үргэлжлэх түгээмэл гаж нөлөөг үзүүлнэ.
Арьс улаах - ихэнхтэй хацар болон хүзүүгээр
Толгойн өвдөх
Шагай, хөл, ховор тохиолдолд хэвлийгээр хавагнах
Толгой эргэх
Сульдах
Арьсан дээр тууралт гарах
3) Тиазид диуретик
Тиазид диуретик эмүүд нь бөөрөнд үйлчилж биеэс сода болон усыг гадагшлуулан улмаар цусны хэмжээг багасгадаг - цусны хэмжээ багассанаар даралт буурна гэсэн үг. Энэ төрлийн эм нь цусны өндөр даралтын үед хамгийн эхэнд хэрэглэдэг эм байдаг.
Тиазид диуретик эмүүд дараахь гаж нөлөөг үзүүлэх бөгөөд зарим нь үргэлж мэдрэгдсээр байна.
Цусан дахь калийн хэмжээ буурч энэ нь бөөр болон зүрхний үйл ажиллагаанд нөлөөлнө.
Глюкозыг тэсвэрлэх чадвар алдагдах
Эр бэлгийн эрхтэний хөвчрөлд асуудал үүсэх
Энэхүү эмийг хэрэглэж байгаа өвчтөнүүд цусан дахь саахар болон калийн хэмжээг хянаж байхын тулд тогтмол цусны шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй.
80-аас дээш насны хүмүүст Индапамид (Лозол) гэх тусгай төрлийн харвалт, зүрхний цохилт алдагдах, болон бусад зүрх судасны өвчнөөр нас барахаас сэргийлсэн тиазид диуретик эмийг өгнө.
4) Бета-хоригч
Бета хоригчид нь нэг хэсэг хамгийн түгээмэл даралт ихдэхийн эсрэг эм байсан хэдий ч бусад сүүлийн үеийн эмнүүдээс илүү гаж нөлөө гардаг тул одоо үүнийг зөвхөн бусад эмүүд үйлчлэхээ больсон тохиолдолд л хэрэглэх болсон.
Энэ эмүүд зүрхний лугшилт болон хүчийг багасгаж улмаар цусны даралтыг бууруулдаг.
Бета хоригч эмүүд дараахь гаж нөлөөтэй.
Дотор муухайрах
Гар болон хөл даарах
Зүрхний цохилт удаашрах
Дотор муухайрах
Суулгах
Дараахь түгээмэл биш гаж нөлөө гарч болно.
Нойр тасалдах
Хар дарах
Эр бэлгийн эрхтэн хөвчрөлийн асуудал
5) Ренин хоригч
Алискирен (Тектурна, Разилез) эм нь рениний үйлдвэрлэлийг бууруулдаг. Ренин гэдэг нь бөөрөнд үүсдэг нэг төрлийн фермент юм. Ренин нь биед ангиотензин-I гэх бодис үүсэхэд оролцдог бөгөөд энэ нь цусны судасыг агшаадаг ангиотензин-II гэх даавар болон хувирдаг.
Алискирен нь ангиотензин-1-ийн үйлдвэрлэлийг бууруулснаар ангиотензин-1 болон ангиотензин-2-ийн түвшинг багасгана. Энэ нь цусны судлыг өргөсгөж улмаар цусны даралтыг бууруулдаг. Энэ нь харьцангуй сүүлд гарч ирсэн эм болохоор одоо хүртэл өвчтөнд хэрхэн, ямар хэмжээгээр хэрэглэх нь зохимжтойг тодорхойлохоор судалж байгаа.
Алискирен нь дараахь гаж нөлөөг үзүүлдэг.
Суулгалт
Толгой эргэх
Томуутай төстэй шинж
Сульдах
Ханиалгах
Ямарваа нэгэн эмийг хэрэглэхдээ өөр бусад эмтэй хэрхэн үйлчлэхийг нарийн уншиж танилцаж байж эм хэрэглэж байх хэрэгтэйг энд дахин сануулъя.
Хоолны дэглэм
Зохистой хоолны дэглэм баримтлах нь даралт ихсэх өвчнөөс сэргийлэх болон эмчлэхэд тустай.
Энэ нь хангалттай жимс, хүнсний ногоо болон сайн чанарын дахин боловсруулаагүй нүүрс ус, ургамлын тос болон омега тос хэрэглэх юм. Хэрэв амьтны гаралтай бүтээгдэхүүн идэх бол тос өөх багатайг хэрэглэж боловсруулсан махнаас татгалзах хэрэгтэй.
Давсны хэрэглээгээ бууруулах
Судалгаагаар бага зэрэг л давс, сода хэрэглэх хэмжээгээ бууруулахад цусны даралтаа 2-оос 8 мм.муб хэмжээгээр бууруулж болохыг тогтоосон. Монгол улсын 15–64 насны 4 хүн тутмын 1 нь цусны даралт ихсэх өвчтэй байгааг судлаачид тогтоосон бөгөөд энэ давсны өндөр хэрэглээтэй холбоотой байж болзошгүй байна.
DASH дэглэм
Америкийн Үндэсний эрүүл мэндийн институцээс цусны даралтаа хянахад зориулсан DASH (Dietary Approaches to Stop Hypertension - Даралт ихсэх өвчнийг зогсооход чиглэсэн хоолны дэглэм) гэх хоолны дэглэмийг зохиосон байна.
Энэхүү дэглэм нь жимс, хүнсний ногоо, самар, үр тариа, буурцаг болон тослог багатай сүүн бүтээгдэхүүн дээр суурилсан дэглэм юм. Та доорх линкээр орон энэ дэглэмийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Согтууруулах ундаа
Зарим судалгаа согтууруулах ундаа хэрэглэх нь даралт бууруулдаг гэж дүгнэсэн бол зарим нь яг эсрэг дүн гаргасан байдаг. Маш бага хэмжээний согтууруулах ундаа хэрэглэх нь даралт бууруулж болох бөгөөд их хэмжээгээр төдийгүй, дундаж хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд даралт ихсэж болзошгүй. Дундаж хэмжээнээс илүү хэмжээгээр согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг хүмүүст цусны даралт ихсэх тохиолдол түгээмэл байна.
Кафейн
Кафейн цусны даралтад хэрхэн нөлөөлдөг талаар олон янзын судалгаа байдаг бөгөөд өөр өөр үр дүнд хүрсэн байдаг боловч цусны даралт өндөртэй хүмүүст кафейний хэрэглээгээ дундаж түвшинд барихыг санал болгодог байна.
Түвшин
140/90 мм.муб ба түүнээс дээш хэмжээтэй байвал цусны даралт өндөртэй гэж тооцдог.
140/90 мм.муб болон түүнээс дээш даралттайгаар тодорхой хугацаанд байсан хүнийг цусны даралт ихдэх өвчинтэй гэж тооцдог.
Цусны даралтыг 5 ангилалд хувааж авч үздэг:
1. Цусны даралт багатай
Дээд даралт 90 болон түүнээс бага, эсвэл
Бага даралт 60 болон түүнээс бага
2. Хэвийн
Дээд даралт 90-119, эсвэл
Доод даралт 60-79
3. Даралттай болохын өмнөх
Дээд даралт 120-139, эсвэл
Доод даралт 80-89
4. Даралт ихсэх өвчний 1-р шат
Дээд даралт 140-159, эсвэл
Доод даралт 90-99
5. Даралт ихсэх өвчний 2-р шат
Дээд даралт 160-аас их, эсвэл
Доод даралт 100-аас их
Оношилгоо
Цусны хоёр төрлийн даралтыг хэмждэг.
Дээд даралт: Зүрх агших үед үүсэх даралт
Доод даралт: Зүрхний цохилтын дундуур үүсэх даралт
Хэрэв таны даралт 120/80 мм.муб гэвэл энэ нь дээд даралт 120, доод даралт 80 байна гэсэн үг.
Даралт хэмжих аппарат
Энэ нь хийлдэг ханцуйнд гарынхаа булчингийн хэсгийг хийдэг, хүн бүрийн мэддэг багаж юм. Ханцуйг хийлэх үед энэ нь цусны урсгалыг барьж улмаар үүсэх даралтыг мэдэрдэг.
Улаан мөнгөн устай болон механик аппарат байдаг.
Гар даралтны аппаратыг чагнууртай хамтран хэрэглэж даралтыг хэмждэг. Дижитал даралтны аппарат цахилгаан мэдрэгчээр хэмжилт хийдэг. Түүнээс гадна сүүлийн үед гарч ирсэн шинэ технологийн ачаар хүмүүс гэртээ цусны даралтаа байна хянаж байх боломжтой болсон.
Ганц удаагийн цусны даралт хэмжих нь даралт ихсэх өвчнийг оношлоход хангалтгүй. Учир нь хүний цусны даралт өдрийн туршид байнга өөрчлөгдөж байдаг бөгөөд өвчтөний сэтгэл санаа түгшсэн, зовсон эсвэл дөнгөж хоолоо идсэн зэрэг нь цусны даралтад түр зүүр нөлөөлдөг.
Цусны даралт ихсэх өвчний тодорхойлолт нь “цусны даралт давтагдсан байдлаар өндөр болох” учир өвчнийг оношлохын тулд тодорхой хугацаанд хэд хэдэн удаа хэмжилт хийх хэрэгтэй. Энэ нь ерөнхийдөө хоорондоо 7 хоногийн зайтай 3 удаа хэмжих хэрэгтэй боловч ихэнх тохиолдолд түүнээс ч урт хугацаанд хянаж байж оношлогоог баталгаажуулдаг.
Зарим ховор тохиолдолд цусны даралт хэт өндөр, эрхтэнүүдэд үүсгэсэн гэмтэл нь тодорхой бол оношилгоог даруй хийснээр эмчилгээр шуурхай эхлүүлдэг. Эрхтэний гэмтэл нь зүрх, бөөр, тархи, нүд зэрэг цусны эргэлтээр тэжээгддэг үндсэн эрхтэнүүдийн гэмтлийг хэлнэ.
Бөөрний өвчин
Хэрэв өвчтөн шээс дамжих замын халдвартай бол ойр ойрхон шээх, эсвэл хэвлийгээс доош өвчин мэдэгдэх бөгөөд энэ нь бөөрний өвчний шинж тэмдэг юм. Хэрэв эмч чагнуураар хэвлийн хажууд цусны урсгалын чимээг сонсож байвал энэ нь бөөрийг цусаар хангадаг артерийн судасны нарийсалт өвчин байх боломжтой байдаг.
Цусны даралт ихсэх өвчнийг оношлох нэмэлт шинжилгээ
Цусны өндөр даралтыг оношлохын тулд эмч дараахь нэмэлт шинжилгээг хийж болно.
Шээс болон цусны шинжилгээ
Өвчний цаад шалтгаан нь холесторол, калийн хэмжээ болон цусан дахь саахарын хэмжээ ихсэлт, халдвар болон бөөрний үйл ажиллагаа алдагдсанаас болж болно. Шээсэн дэх уураг болон цус нь бөөрний өвчлөлийг илтгэнэ. Цусан дахь саахарын их хэмжээ нь чихрийн шижингийн шинж юмаа.
Дасгалын ачаалалтай сорил
Даралт ихсэх өвчний онош маргаантай үед энэхүү сорилыг хийдэг. Энэхүү сорилыг хийхдээ дугуй унуулж эсвэл гүйлтийн зам дээр алхуулдаг. Энэхүү сорил нь хүний зүрх судасны систем биеийн ачаалалд хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг хэмждэг. Хэрэв өвчтөн даралт ихсэх өвчтэй бол дасгалын сорил эхлэхээс өмнө түүнийг нь мэдэх нь чухал. Энэ сорилоор зүрхний үйл ажиллагааны цахилгаан бичлэг болон өвчтөний цусны даралтыг дасгалын туршид хэмждэг. Дасгалын ачааллын сорилоор хүний бие амарч байх үед мэдэгддэггүй асуудлуудыг илрүүлдэг. Үүнтэй нэгэн зэрэг зүрхний цусны хангамжийн рентген зураг авч болдог.
Зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ)
Үүгээр зүрхний цахилгаан үйл ажиллагааг хэмждэг. Энэхүү шинжилгээг цусны даралт ихсэх өвчин болон холестролын түвшин өндөртэй болсон гэх мэт зүрхний өвчин өндөртэй болох магадлалтай өвчтөнүүдэд хийдэг. Эхний ЗЦБ-ийг суурь шугам гэж нэрлэдэг. Дараагийн ЗЦБ-үүдийг суурь шугамтай харьцуулж артерийн судасны өвчин эсвэл зүрхний хана зузаарсан гэх мэт өөрчлөлтийг илрүүлдэг.
Холтерийн мониторчлол
Өвчтөн 24 цагийн туршид зөөврийн төхөөрөмжийг цээжиндээ тогтоон явж зүрхний цахилгаан бичлэг хийлгэнэ.
Зүрхний ЭХО
Энэ төхөөрөмжөөр хэт авиан тусламжтай зүрхний хөдөлгөөнийг хардаг. Эмч зүрхний хана зузаарах, зүрхний ховдол гэмтэх, цус бүлэгнэх, зүрхний орчим шингэн хурах зэрэг асуудлуудыг илрүүлэх боломжтой.
Таны хэн байх хамаагүй Та өөрийн эрүүл мэндэд тустай үйл хэргийг байнга өөртөө хэвшүүлэх ёстойг дахин энэхүү нийтлэлээрээ сануулъя.