Стресс нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, түүнийг хэрхэн зохицуулах вэ?

Өдөр тутамд тааралддаг стресс гэдэг үг нь хэт их ажилласан эсвэл ачааллыг давж гарч чадахгүй байгаа хүний мэдрэмжийг илэрхийлдэг бөгөөд энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байдаг. 

Эдгээр ачаалал нь мөнгө санхүү, ажил, хувийн харилцаа болон бусад нөхцөл байдлаас болж болох боловч хүний сайн сайхан амьдралд учирч буй бодит болон бодит бус саад тотгор аюул занал нь стресс үүсгэж болно.

Стресс сэдэлжүүлж байдаг бөгөөд энэ нь тэсэж үлдэхэд чухал үүрэгтэй. Аюул тохиолдсон үед бид хэзээ, хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ “Зугт эсвэл тэмц” гэх байдлаар илэрхийлдэг. Тийм боловч, хэрэв энэхүү байдал нь хэтэрхий амархан өдөөгддөг эсвэл нэгэн зэрэг хэтэрхий олон стресс үүсгэгч хүчин зүйлүүд байвал энэ нь хүний сэтгэл санааны болон биеийн эрүүл мэндийг дордуулах сөрөг нөлөөтэй болдог.

Стресстэй холбоотой баримтууд:

Стрессийн тухай зарим үндсэн ойлголтуудыг энд дурьдъя.

Стресс нь угтаа бол биеийг аюултай нөхцлийг давж гарахад бэлтгэдэг.

Бие махбодийн болон сэтгэл санааны шинж тэмдгүүд илэрдэг.

Богино хугацааны стресс нь сайн үр дүнтэй боловч урт хугацаанд үргэлжилсэн стресс олон төрлийн эрүүл мэндийн асуудлыг дагуулдаг.

Бид стресс тохиолдоход өөрийгөө удирдах зарим нэг аргуудад суралцсанаар бэлдэж болно.

Стресс гэж юу вэ?

Хүн бүрийн стресст хандах хандлага нь өөр өөр байдаг ч хэтэрхий их стресс нь эрүүл мэндэд асуудал үүсгэж болзошгүй.

Стресс нь хүний биеийг тохиолдож болох аюулаас хамгаалдаг. Хүний бие гармон ялгаруулснаар аюулаас зугтах эсвэл аюултай тэмцэх системийг бэлтгэж өгдөг. Энэ нь “Зугт эсвэл Тэмц” гэсэн механимз юм. Бид саад тотгортой таарсан үед бидний зарим хариу үйлдэл нь биеийнх байдаг. Бидний бие дотроо байгаа нөөцийг эрчимжүүлж, аюулын эсрэг тэмцэх эсвэл аль болох хол зугтахад бэлтгэдэг.

Бие нь их хэмжээний кортисол, адреналин болон норадрэналин ялгаруулдаг. Энэ нь зүрхний цохилтыг түргэсэх, булчинг чангалах, хөлс гаргах, мөн болгомжийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Энэ бүгд нь янз бүрийн аюулт нөхцөл байдлыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг байна.

Энэ нөхцлийг үүсгэж буй хүрээлэн буй орчны хүчин зүйлийг стресс үүсгэгч гэе. Үүнд чимээ шуугиан, догшин, түрэмгий зан авир, хурдтай машин, аймшгийн кино, тэр ч бүү хэл анхны болзоо хүртэл багтдаг. Стресс үүсгэх зүйлтэй хэдий чинээ олон тааралдана төдий чинээ ихээр стресст ордог.

Биед гарах өөрчлөлтүүд

Стресс нь хоол боловсруулах эрхтэн, дархлаа тогтолцооны системийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Биеийн бүх нөөц нь хурдан амьсгалах, цусны эргэлт, сэргэг байдал болон булчингийн ашиглалтанд төвлөрдөг.

Стресстэй бие махбодь дараахь байдлаар өөрчлөгддөг:

  • Цусны даралт, зүрхний цохилт нэмэгдэнэ.
  • Амьсгал түргэснэ.
  • Хоол боловсруулах системийн үйл ажиллагаа алдагдана.
  • Дархлалын идэвх буурна.
  • Булчин чангарна.
  • Сэргэг байдал нь унтахад саад болдог.
  • Стрессийг даван гарах чадваргүй гэж бодох хүний сул дорой чанар нь тэр хүнд муугаар нөлөөлж, эрүүл мэндэд нь  хор уршиг учруулах магадлалтай.

Стрессийг үүсгэж байгаа хүчин зүйлс нь хүн болгонд өөр өөрөөр нөлөөлдөг.

Хүүхэдтэй болох, аялалд явах, байраа сольж, нүүж орох зэрэг ихэвчлэн эерэг гэж боддог зарим үйл явдлууд нь стрессийг мөн үүсгэдэг.

Энэ нь ихэвчлэн томоохон өөрчлөлт, илүү их хүчин чармайлт шаардах, шинэ үүрэг хариуцлага нэмэгдэх зэрэг юм. Хүмүүс түүнийг хэрхэн даван туулж гарах вэ гэж маш их гайхаж, эмээдэг.

Сорилт бэрхшээлүүдэд байнга сөрөг хариу үйлдэл үзүүлэх нь эрүүл мэнд, аз жаргалтай байдалд хортой нөлөөтэй. Гэсэн хэдий ч, стрессийн талаар та хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг мэдэрснээр стрессийн сөрөг мэдрэмж, үр дагаврыг багасгаж, илүү үр дүнтэй зохицуулж чадах болно.

Төрлүүд

Цочмог стресс

Энэ төрлийн стресс нь богино хугацааных бөгөөд түгээмэл байдаг. Цочмог хэлбэрийн стресс нь ихэвчлэн өнгөрснөөс дарамт мэдрэх, эсвэл ирээдүйн хэрэгцээгээ их бодсоноос үүсдэг.

Жишээ нь: ямар нэгэн өнгөрсөнд болсон сэтгэл санаагаар унасан зөрчилдөөн эсвэл ямар нэг зүйлийг дуусгах хугацаа нь ойртож байгаа үед та энэ байдлаас стресс мэдэрнэ. Гэхдээ энэ стресс нь тэр зүйлийн учрыг олохтой хамтаар багасна.

Энэ төрлийн стресс нь архаг стресс, урт хугацааны стресстэй ижил хэмжээний хохирол учруулдаггүй. Богино хугацааны стресст толгой өвдөх, гэдэс базлах, сэтгэлийн зовнил зэрэг багтана. Хэдий тийм ч, цочмог стресс байнга давтагдвал аюултай байдал үүсч, архаг стресс болж ирдэг.

Давталтад цочмог стресс

Байнгын цочмог стресс мэдэрдэг юм уу эсвэл амьдралын хэмнэл нь байнгын стрессийг өдөөж байдаг давталтад цочмог стресстэй хүмүүс байна.

Хэт олон үүрэг хариуцлага үүрсэн, зохион байгуулалт муутай хүнд давталтад цочмог стрессийн шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээрт цухалдалт, түгшүүртэй байдалд орох бөгөөд энэ цухалдалт нь дотны болон бусад харилцаа холбоонд сөргөөр нөлөөлдөг. Байнга, маш ихээр санаа зовдог хувь хүнд энэ төрлийн стресс тулгардаг. Энэ төрлийн стресс нь цусны өндөр даралт, зүрхний өвчин үүсгэдэг байна.

Архаг стресс

Энэ нь хамгийн аюултай стрессийн төрөл бөгөөд урт хугацааны туршид үргэлжилж, хүндэрдэг. Ядуу тарчиг, харилцааны доголдолтой, аз жаргалгүй гэр бүлээс болж гэр бүлийн гишүүдэд архаг стресс үүсдэг. Архаг стресс нь хүн стрессийн шалтгаанаас зугтаах ямар нэг арга хайхгүй, шийдлийг хайхаа зогсоосон үед учирдаг. Заримдаа, энэ нь амьдралд тохиолдсон сэтгэл сэвтүүлсэн үйл явдлаас үүдэлтэй байдаг.

Цоо шинээр гарч ирдэг учир шууд шийдэл олдохуйц цочмог стрессээс архаг стресс нь ялгаатай бөгөөд хүмүүст анзаарагдахгүйгээр учирч ингэснээр хүн өөрөө түүнд дасдаг. Энэ стресс нь хувь хүний ​​зан төлвийн нэг хэсэг болж, зөрчилдөөнөөс үүдэлтэй таагүй байдлаас үл хамааран стрессийн нөлөөнд байнга өртөмтгий болгодог.

Архаг стресстэй хүмүүс нь амиа хорлолт, хүчирхийлэл үйлдэх, зүрхний шигдээс, цус харвалт болох зэрэг эцсийн хямралын шатанд байдаг.

Шалтгаан

Бид стресстэй нөхцөл байдалд өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг. Нэг хүнд стресс үүсгэж байгаа нөхцөл байдал өөр хүнд стресс үүсгэхгүй байж болно. Бараг бүх зүйл стресс үүсгэж болно. Зарим хүмүүс ямар нэгэн жижигхэн зүйлийг бодох нь хүртэл стресс үүсгэж болдог.

Амьдрал дээр стрессийг үүсгэдэг нийтлэг гол зүйлс:

  • Ажил хэргийн асуудлууд, тэтгэвэрт гарах
  • Мөнгө, цаг хугацааны дутмаг байдал
  • Гачигдал
  • Гэр бүлийн асуудал
  • Өвчин эмгэг
  • Гэр бүлийн шилжилт хөдөлгөөн
  • Дотно харилцаа, гэрлэлт, салалт

Стресс үүсгэдэг бусад түгээмэл тохиолдлууд:

  • Өөр өөр нөхцөл байдал өөр өөр хүмүүст стресс үүсгэж болно. 
  • Үр хөндөлт, зулбалт
  • Замын хөдөлгөөний түгжрэл, ослын айдас
  • Гэмт хэргийн айдас, хөршүүдийн асуудал
  • Жирэмслэлт, эцэг, эх болох
  • Хэт их дуу чимээ, ачаалал, бохирдол
  • Шаардлагатай болон шаардлагагүй зүйлсийн хүлээлт зэрэг болно.

Зарим нөхцөл байдал нь тухайн хүмүүсээс гадна бас бусдад нөлөөлнө. Заримдаа бүүр стресст тодорхой шалтгаан ч байхгүй байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд, тухайлбал сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр зэрэг нь зарим хүмүүст бусдаас илүү амархан стрессийн мэдрэмжийг төрүүлдэг байна.

Зарим хүмүүс аваар осол, зарим төрлийн хүчирхийлэл зэрэг гэмтлийн дараахь сэтгэлийн стресст өртдөг. Үүнийг гэмтлийн дараахь сэтгэлийн стресс гэдэг. Цэргийн болон онцгой албанд ажилладаг стресс ихтэй ажил хийдэг хүмүүст гэмтлийн дараахь сэтгэлийн стресс их үүсдэг. 

Шинж тэмдэг

Стрессийн шинж тэмдгүүд:

  • Хөлрөх
  • Нуруу, цээжээр өвдөх
  • Булчин, шөрмөс татах
  • Бэлгийн сулрал
  • Ухаан алдан унах
  • Толгойн өвчин
  • Зүрхний өвчин
  • Цусны өндөр даралт
  • Дархлаа муудах
  • Булчин өвдөх
  • Мэдрэлийн ядаргаа
  • Биеэр хатгаж өвдөх
  • Унтаж чадахгүй байх
  • Ходоодны өвдөлт

2012 оны судалгаагаар санхүүгийн хүндрэл, өрх толгойлсон байдал зэрэг эцэг эхчүүдэд нөлөөлдөг стресс үүсгэх хүчин зүйлүүд зэрэг нь тэдний хүүхдүүдийг таргалалтад хүргэж байгааг тогтоосон байдаг.

Сэтгэлийн хөдөлгөөний хувиралд дараах зүйлс багтана:

  • Уур уцаар
  • Санаа зовинол
  • Сэтгэлийн тэнхээ барагдах
  • Анхаарал төвлөрүүлэхтэй холбоотой асуудлууд  
  • Сэтгэл гутрал
  • Сульдах
  • Түгшүүртэй байх
  • Мартамхай болох
  • Цухалдах
  • Хумсаа мэрэх
  • Амарч чадахгүй
  • Гунигт автах

Стресстэй холбогдож гарах зан байдлын өөрчлөлт:

  • Хоолонд хэт дурлах болон хэт их идэх эсвэл хэт бага идэх
  • Гэнэт цочмог уурлах
  • Мансууруулах бодис согтууруулах ундаа хэрэглэх
  • Тамхи их хэмжээгээр хэрэглэх
  • Нийгмээс хөндийрөх
  • Ойр ойрхон уйлах
  • Харилцаа холбооны асуудлууд

Оношлох

Эмч нар өвчтөнд илэрч буй шинж тэмдэг болон амьдралд тохиолдсон үйл явдлуудыг асуугаад стрессийг оношилдог. Оношилгоо нь олон хүчин зүйл дээр тулгуурласан цогц хэлбэртэй байдаг. Судалгаа бөглүүлэх, биохимийн шинжилгээ, сэтгэл зүйн аргууд ашиглаж болох боловч эдгээр нь үнэн зөв, үр дүнтэй биш байх ч тохиолдол байдаг.

Стресс түүнийг үүсгэж буй нөлөөллийг оношлох хамгийн дөт арга нь иж бүрэн стрессийг оношлоход чиглэсэн нүүр тулсан ярилцлага юм.

Эмчилгээ

Стресс нь ямарваа нэгэн тодорхой нөхцлөөс болж үүссэн тохиолдолд тодорхой эм бэлдмэлээр стрессийг эмчилдэг. Үнэрт тосон (Aromatherapy)  болон цэгэн массаж зэргээр амрах явцыг өдөөж өгч болдог.

Эм бэлдмэл

Өвчтөнд сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр зэрэг өвчлөл үүсээгүй тохиолдолд эмч стрессийг давах эм бичиж өгдөггүй. Хэрэв тийм өвчлөл үүссэн бол эмч сэтгэл мэдрэлийн өвчнийг эмчлэх болохоос стрессийг эмчилж байгаа хэлбэр биш юм.

Тийм тохиолдолд сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэж болох бөгөөд гэвч энэ нь стрессийг давж гарч арилгахад туслахын оронд стрессийн шинж тэмдгийг нуух эрсдэлтэй байдаг. Мөн сэтгэл гутралын эсрэг эм нь сөрөг нөлөө үзүүлж болдог.

Стресст автахаасаа өмнө түүнийг даван туулах аргад суралцах нь хувь хүнийг шинэ нөхцөл байдалд дасан зохицож бие болон сэтгэлийн эрүүл мэндээ хамгаалахад нь тусалдаг. Хэрэв стресст автаж эхэлсэн бол эрүүл мэндийн тусламж авах нь зүйтэй.

Зохицуулалт

Одоо зарим цөхөрсөн мэдрэмжээс урьдчилан сэргийлж, түүнийг зохицуулах амьдралын хэмнэлийг танилцуулъя.

Массаж, ёог эсвэл хөгжим сонсох нь стрессийг тайлах эсвэл стресс үүсэхээс урьдчилан сэргийлэхэд сайн нөлөөтэй.

Дасгал: Судалгаагаар дасгал хөдөлгөөн нь хүний биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд сайн нөлөөтэйг тогтоосон байна.

Согтууруулах ундаа, мансууруулах бодис, кафейний хэрэглээгээс татгалзах. Эдгээр бодис нь стрессээс урьдчилан сэргийлэх битгий хэл бүр ч дордуулах нөлөөтэй тул бүр мөсөн хэрэглэхээ болих эсвэл багасгах хэрэгтэй.

Хоол тэжээл: Эрүүл, ногоо жимсээр баялаг орцыг нь зөв тааруулсан хоол хүнс нь стрессийн үед хүний дархлалын системийг хэвийн байлгахад тустай. Хангалттай бус буруу хооллолт эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж нэмж стресс үүсгэдэг.

Эрмэбэлэх: Юу хамгийн чухал болохыг харахын тулд багахан цагийг хийх ёстой зүйлээ эрмэбэлж, цэгцлэхэд зарцуулаарай. Тэгээд юуг дуусгаж чадаагүй гэдэг дээрээ биш чи юу хийж амжуулж, ямар үр дүнд хүрэв гэдэг дээрээ төвлөрөөрэй.

Цаг хугацаа: Өдөр бүр зөвхөн өөртөө зориулж цаг гарга. Энэ цаг хугацаагаа амьдралаа цэгцлэх, амрах, өөрийн дур сонирхолтой зүйл хийхэд зарцуулаарай.

Амьсгалах болон амрах: Бясалгал, массаж болон ёог хийх нь тустай. Гүнзгий амьсгалах болон амрах арга техникүүд биеийн үйл ажиллагааг удаашруулж амрахад тусална. Гүнзгий амьсгалах нь мөн анхаарал төвлөрүүлэх бясалгалын үндсэн хэсэг юм.

Ярилцах: Гэр бүл, найзууд, хамт олон болон даргатайгаа санаа бодол, сэтгэл зовнилоо ярилцаж байх нь “уураа” гадагшлуулахад тусалдаг. Чи магадгүй “ганцаараа биш” гэдгээ мэдрээд уужрах байх. Эсвэл чиний олж хараагүй илүү хялбар шийдэл байгааг ч олж харж болох юм.

Шинж тэмдгийг хүлээн зөвшөөрөх: Хүмүүс стресс үүсгэж буй асуудалд сэтгэл зовиноод түүнийг биед үзүүлж байгаа нөлөөллийг анзаардаггүй. Шинж тэмдгийг анзаарах нь арга хэмжээ авахын эхний алхам. Олон цагаар ажилласнаас болоод ажил дээрээ стресст автаж байгаа хүмүүс “түр зуур амс хийх” хэрэгтэй. Та ажлын арга барилаа эргэн харах эсвэл даргатайгаа ачааллаа бууруулах талаар ярилцаад үзэхэд буруудахгүй.

Өөрийнхөө стрессийг бууруулах зүйлийг олох: Ихэнх хүн ном унших, гадуур алхах, хөгжим сонсох, найзууд болон гэрийн тэжээвэр амьтантайгаа цагийг өнгөрөөх зэрэг амрахад  нь тусалдаг зүйлтэй байдаг. Найрал дууны хамтлагт элсэх эсвэл зааланд бэлтгэл хийх зэрэг нь мөн тустай байж болно.

Нийгмийн харилцаанд оролцох: Хөршүүд болон орон нутгийхантайгаа ярилцаж байх эсвэл сайн үйлсийн болон бусад клубуудад элсэх нь тустай. Хэдийгээр одоо стресс мэдрээгүй байгаа боловч ямар нэгэн бүлгэмийн гишүүн байх нь стресс үүсэхээс сэргийлж хүнд хэцүү үед тусламж дэмжлэг авахад тусалдаг.

Олон нийтийн сүлжээ мөн тустай. Энэ нь таныг хол буй найз нөхөд, гэр бүлтэйгээ холбоотой байх боломжийг олгохоос гадна сэтгэл зовинолыг бууруулдаг.

Хэрэв стресс өдөр тутмын амьдралд чинь нөлөөлж эхэлсэн бол мэргэлжилтний тусламж авах нь дээр. Эмч эсвэл сэтгэл зүйч мэргэжилтнүүд стрессийг даван туулахад тусалдаг.

Стрессийг зохицуулах аргууд

  • Стрессийн зохицуулалт нь дараах зүйлсэд туслана:
  • Стрессийг үүсгэж буй хүчин зүйлсийг өөрчлөх эсвэл устгах
  • Стресстэй үйл явдлыг тусгаж авах хандлагаа өөрчлөх
  • Стресс биенд чинь үүсгэж байгаа таагүй нөлөөллийг бууруулах
  • Стресийг давж туулах өөр замуудад суралцах

Стресс зохицуулах засал нь эдгээр аргуудаас нэг юмуу хэд хэдийг хэрэгжүүлж байж үр дүнтэй байдаг. Стресс зохицуулах аргуудын талаар ном, бусад эх сурвалжаас болон стресс зохицуулалтын сургалтанд хамрагдан сурч болно.